Үүсгэн байгуулагчдын 2009 оны 4 дүгээр сарын

11-ний өдрийн хурлаар шинэчлэн батлав.

 

 “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН САНААЧЛАГА”

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1.1. Төрийн бус байгууллагын албан ёсны нэр нь монгол хэлээр “Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай уул уурхайн санаачлага” төрийн бус байгууллага, /товчилсон нэрийг нь “ХУУС” ТББ/ гэх бөгөөд англи хэлээр “Responsible Mining Initiative” /товчилсон нэр нь RMI/ гэнэ.

1.2. “Хариуцлагатай уул уурхайн санаачлага” төрийн бус байгууллагыг дүрэмд цаашид “Санаачлага” гэх болно

1.3. Санаачлага нь аливаа хөндлөнгийн этгээдээс хараат бус, төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллага, эрдэмтэд, судлаачид, иргэдийн олон талын оролцоотойгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус байгууллага байна.

1.4. Санаачлага нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад холбогдох хууль, олон улсын хүлээн зөвшөөрсөн эрх зүйн харилцааны хэм хэмжээ болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

1.5. Санаачлага нь өөрийн бэлгэдэл, тэмдэг, данс, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

1.6. Санаачлагын Ажлын алба нь Улаанбаатар хотод байрлана. Санаачлагын хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амрын гудамж- 2, Таван богд плаза – 104 тоот.

 

 

ХОЁР. САНААЧЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО,

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

2.1. Санаачлагын эрхэм зорилго нь хариуцлагатай уул уурхайн талаархи цогц ойлголтыг олон нийт, төр засаг, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдад бий болгох, сурталчлах, ил тод нээлттэй мэдээллийг түгээх, үйл ажиллагаандаа олон талын тэгш оролцоог хангасан Хариуцлагатай уул уурхайг Монгол Улсад төлөвшүүлэхэд оршино.

2.2. Энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан үйл ажиллагааг дангаараа болон бусадтай хамтран хэрэгжүүлнэ. Үүнд:

2.2.1. хариуцлагатай уул уурхайн талаархи бодлогын баримт бичиг, зөвлөмж, эрх зүйн хэм хэмжээний хувилбаруудыг боловсруулж, төрийн холбогдох дээд байгууллагад тухай бүр уламжилж, тэдэнтэй хамтран ажиллаж бодлогод тусгах, зөвлөх;

2.2.2. хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлэхэд оролцогч талууд, дэмжигчид болон олон нийтийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, тэдэнд арга зүй, менежментийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх;

2.2.3. хариуцлагатай уур уурхайн зарчим, стандарт, шалгуур үзүүлэлтийг боловсруулж хэрхэн хангаж байгаа талаар үнэлэлт өгч, олон нийтэд мэдээлэх;

2.2.4. хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр дэмжигч байгууллагуудтай хамтран судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, дэмжлэг үзүүлэх;

2.2.5. хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэгдсэн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь менежментийн удирдлагаар хангах;

2.2.6. гадаад, дотоодын ижил төсөөтэй бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, туршлага, мэдээлэл солилцох, мэргэжлийн туслалцаа дэмжлэг авах;

2.2.7. оролцогч талууд болон дэмжигч байгууллага, иргэдэд хариуцлагатай уул уурхайн талаар шинэ мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор чуулган, уулзалт, ярилцлага, сургалт, семинар зохион байгуулах;

2.2.8. Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны холбогдох байгууллагаас байгаль орчин, уул уурхайн талаархи батлан гаргаж буй хууль тогтоомжид олон нийтийн санааг тусгуулах арга хэмжээг зохион байгуулах;

2.2.9. зорилго, үйл ажиллагааныхаа хүрээнд өрийн байгууллагын зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний дагуу гүйцэтгэх.

 

 

ГУРАВ.  САНААЧЛАГЫН ЭРХ БАРИХ БАЙГУУЛЛАГА

 

3.1. Санаачлагын эрх барих байгууллага нь Удирдах зөвлөл байна. Түүнийг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгосон Удирдах зөвлөлийн дарга удирдана.

3.2. Санаачлага Ажлын албатай байна. Ажлын албыг Удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдсон Гүйцэтгэх захирал удирдан зохион байгуулна.

3.3. Шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлийн дэргэд хөндлөнгийн судалгаа шинжилгээний ажлын баг эсхүл түр хороо байгуулан  ажиллуулж болно. Судалгаа шинжилгээний баг, түр хорооны ажлын удирдамжийг Удирдах зөвлөлийн дарга гишүүддээ танилцуулсаны үндсэн дээр батлана.

3.4. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.4.1. Санаачлагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

3.4.2. Санаачлагаас хариуцлагатай уул уурхайтай холбоотой боловс-руулан гаргаж буй бодлогын шинжтэй үндсэн баримт бичиг хэлэлцэж шийдвэр гаргах. Бодлогын шинжтэй баримт бичиг гэдэгт геологи, уул уурхай, байгаль орчны салбарын хөгжлийг хөндсөн шийдвэрийг ойлгоно.

3.4.3. Удирдах зөвлөлийн даргыг сонгох;

3.4.4. үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө болон жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;

3.4.5. Санаачлагын жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, төсөв батлах;

3.4.6. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог тогтоох, бүрэлдэхүүнийг

өргөтгөх, Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх;

3.4.7. Ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг тогтоох;

3.4.8. Гүйцэтгэх захирлын тайланг хэлэлцэх, түүнийг томилох, чөлөөлөх;

3.4.9. өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг  тогтоох;

3.4.10. Удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд нөхөн төлөх зардлын хэмжээ,    хязгаарыг тогтоох

3.4.11. Санаачлагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх журам, зааврыг хэлэлцэн батлах;

3.4.12. Санаачлагыг өөрчлөн байгуулах, татан буулгах;

3.5. Энэ дүрмийн 3.4.1, 3.4.2-т заасан асуудлыг зөвшилцөж, 3.4.11, 3.4.12-т заасан асуудлыг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар, үлдсэн асуудлыг энгийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

3.6. Удирдах зөвлөлийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ. Хурлыг Удирдах зөвлөлийн дарга зарлаж, Ажлын алба хурал эхлэхээс 7 хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудал, түүнтэй холбогдох мэдээллийг гишүүдэд хүргүүлсэн байна. Хурал 75-аас доошгүй хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болно. Хуралд хүндэтгэх шалтгаанаар оролцож чадаагүй боловч хэлэлцэж буй асуудал болон шийдвэрт бичгээр саналаа ирүүлсэн гишүүнийг хуралд оролцсонд тооцно.

3.7. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь “Хариуцлагатай уул уурхайн тунхаг”-ийн зарчмуудын шаардлагад нийцсэн байна.

3.8. Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

3.9. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

3.10. Удирдах зөвлөлийн хуралдааны талаар тэмдэглэлийг “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн 14 дүгээр зүйльд заасны дагуу хөтлөнө.

3.11. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж, санал хураалтад оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална.

3.12. Удирдах зөвлөлийн хурлыг гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар зарлан хуралдуулж болох ба хурлыг санаачлагчдаас хэн нэг нь даргалж болно.

3.13. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь төр, иргэний нийгэм, үйлдвэрлэгчдийн гэх гурван талын тэгш төлөөллөөс бүрдэнэ:

3.13.1. Төрийн төлөөлөл нь байгаль орчин, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын  төлөөллөөс бүрдсэн байна.

3.13.2. Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нь хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, дэмжигчдээс сонгогдоно.

3.13.3. Үйлдвэрлэгчдийн төлөөлөл нь геологи, уул уурхайн чиглэлээр бизнесийн  үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл байна.

3.14. Удирдах зөвлөл дэх төрийн төлөөллийг Удирдах зөвлөлийн дарга санал болгож, Удирдах зөвлөлийн хурлаар баталгаажуулна.

3.15. Удирдах зөвлөл дэх иргэний нийгэм, үйлдвэрлэгчдийн төлөөллийг сонгох үйл ажиллагааг Удирдах зөвлөлөөр баталсан журмаар зохицуулна.

 

 

ДӨРӨВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

 

4.1. Удирдах зөвлөлийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1. Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах;

4.1.2. Санаачлагыг гадаад, дотоодод бүрэн төлөөлөх эрхтэй;

4.1.3. Санаачлагын үйл ажиллгааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

4.1.4. Гүйцэтгэх захирлаар томилуулах хүний нэрийг Удирдах зөвлөлд оруулна. Мөн Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах;

4.1.5. Удирдах зөвлөлийн гишүүдэд энэхүү дүрмийн хүрээнд үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;

4.1.6. Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд чиглэл өгч, хяналт тавьж ажиллах;

4.1.7. санхүүгийн баримт бичигт 1 дүгээр гарын үсэг зурж, санхүүгийн тайлангийн үнэн байдлыг хариуцах;

4.1.8. Санаачлагын жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх;

4.1.9. Санаачлагын үйл ажиллагааг дэмжигчдийн эгнээг өргөтгөх;

4.1.10. санхүүжилтийн эх үүсвэрийг олж бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.

4.2. Удирдах зөвлөлийн даргыг 3 жилийн хугацаагаар сонгох ба нэг удаа улируулан сонгож болно.

4.3. Шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлийн даргын дэргэд зөвлөх ажиллуулж болно. Түүний эрх хэмжээг Удирдах зөвлөлийн хурлаар тогтооно.

4.4. Удирдах зөвлөлийн дарга ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан утас, унааны гэх мэт зардлаа нөхөн төлүүлнэ.

4.5. Дараахь нөхцөлд Удирдах зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас хугацаанаас нь өмнө чөлөөлнө. Үүнд:

4.5.1. өөрийн хүсэлтээр;

4.5.2. өвчний улмаас болон бусад хүндэтгэх шалтгаанаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд;

4.5.3. Санаачлагын дүрэм болон тунхагийн зарчмыг зөрчсөн асуудал давтагдвал;

4.5.4. үндсэн үүргээ биелүүлээгүйгээс байгууллагад хохирол учирвал;

4.5.5. хууль дүрэм болон ёс зүйн алдаа гаргаж, байгууллагад хохирол учируулбал;

4.5.6. Удирдах зөвлөлийн хурлыг удаа дараа тасалж, хоцрон байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулвал;

4.5.7. Санаачлагын тухайн жилийн төлөвлөгөөт ажил хүндэтгэн үзэх бус шалтгаанаар тасарвал;

4.5.8. санхүүгийн аливаа зөрчил гаргавал;.

4.5.9. Санаачлагын үйл ажиллагаанд үл хамаарах шалтгаанаар гадаадад 3 сараас дээш хугацаагаар явах болсон бол.

 

ТАВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

 

5.1. Удирдах зөвлөл 15 доошгүй гишүүнтэй байна. Санаачлагыг анх үүсгэн байгуулсан, түүний тунхаг, дүрмийг боловсруулан гаргахад оролцсон хүмүүс эхний удаад Удирдах зөвлөлийн гишүүн байх эрхтэй.

5.2. Удирдах зөвлөлийн гишүүн нь Хариуцлагатай уул уурхайн тунхаг, Санаачлагын дүрмийг хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч, хөдөлмөр, цаг заваа зарцуулах хүсэлтэй, энэ талаар зохих  мэдлэгтэй, санаачлагын аль нэг асуудлыг гардан хариуцан ажиллах чадвартай хүн байна.

5.3. Удирдах зөвлөлийн гишүүний ажилах хугацааг дараахь байдлаар зохицуулна:

5.3.1. Төрийн талыг төлөөлөх Удирдах зөвлөлийн гишүүн тухайн албан тушаалаа эрхлэх хугацаандаа гишүүнээр ажиллана.

5.3.2. Иргэний нийгмийн болон үйлдвэрлэгчдийн талыг төлөөлөх гишүүд 2 жилийн хугацаатай ажиллана.

5.4. Удирдах зөвлөлийн гишүүн дараахь эрх, үүрэгтэй. Үүнд:

5.4.1. Удирдах зөвлөлийн хуралдаанд таслахгүй, эхлэх цагаас нь хожигдохгүйгээр оролцох;

5.4.2. Удирдах зөвлөлийн шийдвэр болон Удирдах зөвлөлийн даргын өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх;

5.4.3. Санаачлагаас боловсруулан гаргаж буй аливаа баримт бичиг,  төсөл, төлөвлөгөө, тайлантай танилцаж, саналаа тусгуулах;

5.4.4. ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрөөс гаргасан зардлаа нөхөн авах эрхтэй бөгөөд уг асуудлыг Санаачлагаас гаргасан тусгай журмаар зохицуулна;

5.4.5. Санаачлагын үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээ, материалтай танилцах, гарсан зөрчлийг арилгуулах талаар саналаа тавих;

5.4.6. Ажлын албанаас ажил хэрэгтэйгээ холбоотой мэдээ мэдээлэл гаргуулж авах;

5.4.7. Санаачлагаас хэрэгжүүлж байгаа аливаа ажлыг гүйцэтгэхээр томилогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцох;

5.4.8. Удирдах зөвлөлийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх;

5.4.9. Ажлын албанаас санал авахаар ирүүлсэн материалд саналаа хугацаанд нь өгч байх;

5.4.10. Санаачлагыг дэмжигчдийн эгнээг өргөтгөхөд өөрийн хувь нэмэр оруулах;

5.4.11. санхүүжилтийн эх үүсвэрийг олж бүрдүүлэх ажилд санаачилгатай оролцох.

5.5. Удирдах зөвлөлийн гишүүн нь Гүйцэтгэх захирал болон Ажлын албаны ажилтнуудад үүрэг даалгавар өгөхдөө Удирдах зөвлөлийн даргаар дамжуулна.

5.6. Удирдах зөвлөлийн гишүүнийг дараахь нөхцөлд гишүүнээс нь чөлөөлнө. Үүнд:

5.6.1. өөрийнх нь хүсэлтээр;

5.6.2. өвчний улмаас болон бусад хүндэтгэх шалтгаанаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд;

5.6.3. Санаачлагын дүрэм, тунхагийн зарчмыг зөрчсөн асуудал удаа дараа давтагдвал;

5.6.4. Удирдах зөвлөлөөс өгөгдсөн үүрэг даалгаварыг хүндэтгэх бус шалтгаанаар биелүүлээгүй бол;

5.6.5. хууль дүрэм болон ёс зүйн алдаа гаргаж, байгууллагад хохирол учируулбал;

5.6.6. тухайн жилд хуралдах Удирдах зөвлөлийн хурлын 50%-д оролцоогүй болон хурлаас удаа дараа хоцорч байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд.

5.7. Гишүүд Удирдах зөвлөлийн хуралд биеэр болон бичгээр саналаа өгөх хэлбэрээр оролцож болно. Харин ажлын баг, түр хороо, ажлын хэсгүүдэд төлөөллөө оролцуулан ажиллуулж болох боловч биелэлтийг нь гишүүн өөрөө бүрэн хариуцна.

 

ЗУРГАА.  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

 

6.1. Санаачлагын Гүйцэтгэх захирал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: Үүнд:

6.1.1. Удирдах зөвлөлийн даргатай байгуулсан гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь чанартай биелүүлж байх;

6.1.2. Удирдах зөвлөлөөр батлуулсан төсвийн хүрээнд ажлын албаны зохион байгуулалт, орон тоо, цалингийн схем, шагнал урамшууллын журмыг боловсруулж, Удирдах зөвлөлийн даргаар батлуулан хэрэгжүүлэх;

6.1.3. өмч хөрөнгийг захиран зарцуулах болон бусад үйл ажиллагааны талаархи өөрийн эрх мэдлээс хэтэрсэн асуудлыг Удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх;

6.1.4. Ажлын албаны үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, Удирдах зөвлөлийн даргын өмнө хариуцах;

6.1.5. гэрээнд заасан эрхийн хүрээнд Санаачлагын нэрийн өмнөөс гадаад дотоодын байгууллагатай харилцах, гэрээ хэлцэл хийх, шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар итгэмжлэлгүй оролцох;

6.1.6. гэрээнд тусгагдсан эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах;

6.1.7. Ажлын албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг Удирдах зөвлөлийн даргаар батлуулж, түүний хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнг тайлагнах;

6.1.8. Удирдах зөвлөлийн гишүүдийг үйл ажиллагааныхаа талаархи мэдээллээр байнга хангаж, ажилдаа тэдний саналыг шуурхай авч тусгаж ажиллах;

6.1.9. Удирдах зөвлөлийн хуралд бэлтгэх, хурлын зар тараах, хуралдааны тэмдэглэл, бичиг хэргийг хөтлөх ба Санаачлагын архивыг эрхлэх;

6.1.10. төрийн байгууллагуудад гаргаж өгдөг санхүүгийн болон бусад тайланг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах;

6.1.11. Санаачлагыг дэмжигчдийн эгнээг өргөтгөх үйл ажиллагааг зохион байгуулж, тэднийг мэдээллээр хангах;

6.1.12. санхүүжилтийн эх үүсвэрийг олж бүрдүүлэх ажлыг гардан гүйцэтгэх.

6.1.13. Удирдах зөвлөлийн гишүүд хариуцсан ажлаа хэрэгжүүлэхэд зохион байгуулалт, зохицуулалтын болон бусад боломжтой дэмжлэг үзүүлэн ажиллах.

6.2. Гүйцэтгэх захиралтай холбоотой бусад асуудлыг гэрээгээр зохицуулна.

 

ДОЛОО. ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

 

7.1. Удирдах зөвлөлөөс Хяналтын зөвлөлийг гурван талыг төлөөлсөн дэмжигчдээс 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, түүний үйл ажиллагааг журмаар зохицуулан ажиллуулна. Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд Удирдах зөвлөлийн гишүүн орохгүй бөгөөд 2 жил тутам шинэчлэгдэж байна.

7.2 Хяналтын зөвлөлийн үндсэн үүрэг нь Хариуцлагатай уул уурхайн тунхагийн зарчмуудын болон Санаачлагын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, санхүүгийн зохистой үйл ажиллагааг хангахад чиглэгдэнэ. Хяналт, шалгалтын дүнг шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлийн хурал болон оролцогч талуудын төлөөлөл, дэмжигчдэд мэдэгдэнэ.

7.3. Холбогдох хуулийн дагуу Санаачлагын санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэхээс гадна санхүүжүүлэгч дангаараа болон Хяналтын зөвлөлтэй хамтарсан ажлын хэсэг байгуулан санхүүгийн шалгалт хийх эрхтэй.

7.4. Хяналтын зөвлөл болон санхүүжүүлэгч шалгалтын зорилгоор аливаа баримт, материал шаардсан нөхцөлд холбогдох мэдээ, материалыг Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал нар саадгүй гарган өгнө.

7.5. Хяналтын зөвлөлийн гишүүд Санаачлагын бүх шатны хуралд зөвлөх эрхтэйгээр оролцож болно.

 

НАЙМ. ДЭМЖИГЧИД

 

8.1. Хариуцлагатай уул уурхайн тунхаг, зарчмыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Санаачлагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн бүр Санаачлагын дэмжигч байна.

8.2. Санаачлагын дэмжигчид гэрчилгээ олгоно.

8.3. Санаачлагын дэмжигч дараахь бүрэн эрхтэй. Үүнд:

8.3.1. Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлэх үйлсэд санаачлагатай оролцох;

8.3.2. Санаачлагаас явуулж байгаа төсөл, хөтөлбөрт эхний ээлжинд хамрагдах;

8.3.3. Санаачлагын ажлын аппаратад ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулахад давуу эрхтэй оролцох;

8.3.4. Санаачлагын дотоод үйл ажиллагаатай танилцах, холбогдох

мэдээллээр хангагдах;

8.3.5. Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхгүйгээр оролцох;

8.3.6. Удирдах зөвлөлд иргэний нийгмийн байгууллагын болон үйлдвэрлэгчдийн төлөөллийн гишүүний орон тоо гарсан нөхцөлд зөвхөн дэмжигчидээс нөхөн сонголт хийх;

8.3.7. Санаачлагаас хэрэгжүүлж байгаа аливаа ажлыг гүйцэтгэхээр байгуулагдсан ажлын баг, түр хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд гишүүнээр оролцон ажиллах;

8.3.8. Санаачлагаас гаргаж байгаа шийдвэрийн төсөлд саналаа өгөх, мөн Санаачлагын үйл ажиллагаатай холбоотой санал гаргах.

 

ЕС. ХӨРӨНГӨ, САНХҮҮЖИЛТ

 

9.1. Санаачлагын орлого дараахь эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

9.1.1. Удирдах зөвлөлийн гишүүд, зөвлөх болон ажилтнуудын хандив;

9.1.2. дэмжигч байгууллагууд, иргэдийн оюун санаа, үйл ажиллагааны  оролцоогоор бүрдэх  хандив, тусламж;

9.1.3. үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого;

9.1.4. төсөл хэрэгжүүлэх замаар гадаад, дотоодын байгууллага, хувь хүнээс олгосон хөрөнгө, тусламж, дэмжлэг;

9.1.5. төрийн байгууллагаас гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын санхүүжилт,

9.1.6. улсын төсвөөс олгосон мөнгөн хөрөнгө;

9.1.7. зээл, өвөөс олсон орлого;

9.1.8. Монгол Улсын хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр

9.2. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн дэх 3 талын төлөөлөл нь Санаачлагын санхүүжилтийг гурван талын эх үүсвэрээс тэгш бүрдүүлэх зорилгоор санаачлагатай ажиллана.

9.3. Үйл ажиллагаанаас олсон аливаа орлого нь байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулагдана.

9.4. Санхүүгийн тайланг хариуцсан дүүргийн Татварын албанд тогтоосон хугацаанд гарган өгнө.

 

АРАВ. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАХ

 

10.1. Санаачлагыг татан буулгах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргаж, энэ талаар дэмжигчдэд мэдээлж, татан буугдсан Санаачлагын эзэмшиж, ашиглаж, зарцуулж байсан хөрөнгийн асуудлыг шийдэх эрх бүхий комисс байгуулна.

10.2. Комисс нь эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв ийм төрийн бус байгууллага байхгүй бол Санаачлагын зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД

Улаанбаатар хот

2009 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр