ТАНИЛЦУУЛГА

Манай улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга 2006 оноос эхлэлтэй бөгөөд төр, төрийн бус, хувийн болон бизнесийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцсон олон удаагийн дугуй ширээний хэлэлцүүлэг, уулзалтын үр дүнд хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, түүний үндэс болсон найман зарчмыг боловсруулан 2007 онд олон талт нэгдсэн уулзалтаар хүлээн зөвшөөрч, баталсан байдаг.

Олон талт уулзалтын нэгдсэн хуралдаанаар ХУУ-н тодорхойлолт, зарчмыг дараах байдлаар тодорхойлсон:

Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт - Бүх холбогдох талууд, ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурласан, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн салбар дахь ил тод, цогц үйл ажиллагааг “Хариуцлагатай уул уурхай” гэж ойлгоно гээд эрдэс баялгийг хайх, ойлборлох үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэхэд дараах 8 зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тогтоосон. Үүнд:

  1. Олон талын оролцоог хангах.
  2. Ил тод, нээлттэй байх.
  3. Хуулийг сахин дээдлэх.
  4. Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх.
  5. Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах.
  6. Үр өгөөжтэй байх.
  7. Хүмүүнлэг ёс зүйтэй байх.
  8. Дэвшилтэт технологид суурилсан байх.

Мөн 2007 онд талууд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх  Хариуцлагатай уул уурхайн Санаачлагын Тунхаг бичгийг боловсруулан гаргаж, түүнд 80 гаруй байгууллага, иргэдийн төлөөлөл нэгдэн орж гарын үсгээ зурсан. 

Цаашид хариуцлагатай уул уурхайн стандартыг гаргах, хариуцлагатай уул уурхайн асуудлаар ажиллах байгууллага эсвэл төв үүсгэн байгуулах боломжийг судлах үүднээс ажлын хэсэг байгуулж ажилласны үр дүнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2007 оны 12 сарын 26-ны 285-р тушаалаар Тогтвортой Хөгжлийн төлөөх Хариуцлагатай Уул Уурхайн Санаачлага ТББ улсын бүртгэлд авч албан ёсоор бүртгүүлсэн.


“Тогтвортой хөгжлийн төлөөх  Хариуцлагатай уул уурханй санаачилга” ТББ-ын 

Удирдах зөвлөлийн дарга: 

 Л.Долгормаа. PhD  Байгаль орчны зөвлөх АЖЭД ХХК-ийн захирал

Гишүүд:

  1. А.Бакей. PhD             УИХ-ын гишүүн асан
  2. Д. Хэрлэн                   “Иргэн та баялаг сан” ТББ-ын  дэд тэргүүн
  3. Н. Алгаа                      Монголын  Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч
  4. Г.Уранцоож. PhD     “Хүний эрх, хөгжил төв” - ийн тэргүүн
  5. Л.Батнасан                “Экологи хөгжил” ТББ-ын тэргүүн
  6. Б.Чинзориг. PhD     ШУТИС, ГУУС-ийн захирал
  7. Д.Сүхбаатар              “Инкубаторын төв” ТББ-ын тэргүүн
  8. Б.Лхагважав             Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч
  9. С.Энхтуяа                  “Монполимет” ХХК-ний гүйцэтгэх захирал
  10. Р.Сундуй                    Энержи Ресурс ХХК-ний орон тооны зөвлөх
  11. С.Ганбаатар              УИХ-ын гишүүн асан
  12. Б.Баярмаа                 “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн
  13. Г.Батсайхан              "Хариуцлагын тогтолцооны төлөө" ТББ-ын тэргүүн
  14. Б.Арвинбаяр             Технологи инновацийн залуу судлаачдын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал 
  15. Л.Долгормаа            ХУУС ТББ-н удирдах зөвлөлийн дарга

 Гүйцэтгэх захирал:

 Г.Батсайхан


Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар хийгдсэн ажил:

  1. Монголд хариуцлагатай уул уурхай /ХУУ/ гэж юуг ойлгох талаар тодорхойлолт, түүнийг хэрэгжүүлэх зарчмуудыг тодорхойлсон. Энд тодорхойлсон агуулгаар манай бодлогын болон эрх зүйн баримт бичгүүдэд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тухай зорилт, заалтууд орж эхэлсэн
  2. ХУУ-н 8 зарчмыг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл тухайн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхай эрхлэгч яг юу хийхийг нь аргачилан зааж өгсөн.
  3. ХУУ-н аргачилсан гарын авлага гарсан, одоо хэвлэгдэх шатандаа явж байна
  4. ХУУ-н тухай сургалтууд хийгдэж байна.

Цаашид тавьж буй зорилт:

  1. Уул уурхайн компаниудын хариуцлагын түвшинг тогтоон, түүнд дүн шинжилгээ хийх.

Хариуцлагын түвшинг тогтоож, түүнд дүн шинжилгээ хийснээр дараах зүйлсийг тодруулна:

а. Уул уурхайн компаниуд хариуцлагатай байхад ямар шалгуур дээр голлон алдаж байна. Үүний шалтгаан нь юу болохыг тодорхойлно.

б. Олборлож буй ашигт малтмалын төрөл, хөрөнгө оруулалтын гарал үүсэл, уурхайн байрлал гэх мэт төрөл бүрд ямар нийтлэг хариуцлагын алдаа гарч байгааг тодорхойлно.

в. Гараад байгаа алдааг засаж залруулахын тулд төрийн бодлогын хэмжээнд юуг шийдэх, төрийн бус байгууллагууд, компани өөрөө юу хийх ёстойг нэг бүрчлэн тодорхойлно.

г. Хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийг цаашид яаж сайжруулах талаар болон хариуцлагатай уул уурхайн стандартын бүтэц, агуулгыг тодорхойлж, стандарт боловсруулж эхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

д. Уул уурхайн компаниудад хариуцлагатай уул уурхайн талаар явуулах сургалтын хөтөлбөрийг бодитойгоор боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

  1. Хариуцлагатай уул уурхайн стандарт гаргах. Энэ стандарт заавал мөрдөх баримт бичиг биш байх боловч дараах асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой. Үүнд:
  • Хариуцлагатай уул уурхайн дээрх 8 зарчмыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхай эрхлэгчдийн гүйцэтгэх ёстой ажлын хэм хэмжээг зарчим бүр дээр тогтоож өгснөөрөө уул уурхай эрхлэгчдийн хариуцлагатай байхын тулд мөрдөн ажиллах гарын авлага нь болно;
  • Хэрэглэгч ба эрх бүхий байгууллагаас уул уурхай эрхлэгчийн үйл ажиллагаа нь хариуцлагатай байгаа эсэхийг энэ стандартын шаардлагатай нийцүүлэн дүгнэх, хариуцлагын түвшин тогтооход баримтлах үндэс нь болно;
  • Хяналтын байгууллага уул уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд үйл ажиллагаандаа баримтлах гол чиг баримжаа нь болно;
  • Энэ стандартыг итгэмжлэл олгох буюу ижил төвшний үнэлгээ, эсвэл бусад үнэлгээнд шалгуур үзүүлэлтийн баримт бичиг болгох боломжтой.

 

  1. ХУУ-н оролцогч талууд болох уул уурхайн компанийн удирдлага, ажилчид, орон нутгийн удирдлага, мэргэжлийн төрийн албад, иргэний нийгмийн байгууллага, уурхай бүхий нутгийн иргэдэд Хариуцлагатай уул уурхайн сургалтыг үргэлжлүүлэн явуулах, сургалтын системыг бий болгох