ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ

Энэ хэсэгт хариуцлагатай уул уурхайн тухай ойлголт, түүний хэрэгцээ шаардлага, манай оронд үүсэж хөгжсөн байдал болон энэ чиглэл дэх олон улсын туршлагыг танилцуулна.

 

ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

 

Улс орны газрын хэвлийн баялаг нь хүн амын амьдрах нэг эх үүсвэр байж тэрхүү баялгаас олох орлого нь улс орны хөгжил, орон нутгийн иргэдийн амьдарлыг дээшлүүлэхээс гадна уул уурхайн үйлдвэрлэлийг ард иргэд ба байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр явуулах боломжийг бий болгоно.

Гэхдээ байгалийн баялгаас орлого олж, хуримтлал үүсгэсэн ч энэ бүхэн өөрөө хэрэгждэггүй юм байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайг зөв эрхлэх шаардлага гарна.  

Уул уурхайн үйл ажиллагааг зөв эрхлээгүйгээс өнөөдөр дараах сөрөг үр дагавар гарч байна:

а. Байгаль дэлхийг шархлуулж байна. Эрдэс баялгийг олборлохын тулд газрын хөрс, хэвлийг гарцаагүй  ухаж эвддэг. Харин эвдэрсэн газрыг огт  нөхөн сэргээхгүй орхих, нөхөн сэргээлтийг чанаргүй хийх явдал тохиолдсоор байна.

1 дүгээр зураг. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас сүйтгэгдсэн талбай.

б. Байгаль орчныг бохирдуулж байна. Хөрс, агаар, усыг тоос, шороо үйлдвэрлэлийн цэвэршүүлээгүй хаягдал, химийн бодис, ахуйн болон аюултай хог хаягдлаар бохирдуулж байна.

в. Хүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хохироодог. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг муу анхаарч, чанаргүй хоол, илүү цагийн хөдөлмөрийн улмаас ажилчид ядрах, өвчлөх, анхаарал сэрэмж нь суларарснаар осолд орж бэртэх, амь насаа алдах явдал гарч байна. Уул уурхайн салбар нь ослын тоогоор толгой цохидог салбар болоод байгаа.

г. Орон нутгийн иргэдийн амьдралд тус нэмэр бага байна. Орон нутагт өгч байгаа хандив тусламж нь нүдээ олдоггүй, орон нутгийн ирээдүйн хөгжилд нь хөрөнгө оруулалт болж чаддаггүй, өнөө маргаашийг аргацаасан тодорхойгүй зүйлд зарцуулагддаг

д. Үйлдвэрлэлийн технологи, менежмент муу байх. Хөрөнгө оруулалтын гачигдал, удирдлагын мэдлэг чадварын дутагдлаас хоцрогдсон технологи хэрэглэх, үйлдвэрлэлийг муу менежментээр зохион байгуулснаар уул уурхайгаас авах боломжит ашгийг хүртэж чаддаггүй, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг дутагдал ажиглагддаг

е. Хуулийг бүрэн сахидаггүй. Хуулийг сахин ажиллаж чаддаггүйгээс элдэв хяналт шалгалтанд бүдрэх, торгууль шийтгэвэр хүлээх, буруу үйлдлээ аргалах гэж авилгад автах, нүүр тал засах г.м зохисгүй үйлдлүүд гардаг.

ж. Элдэв маргааны бай болдог. Орон нутгийн иргэдэд үйл өөрийн ажиллагааны талаарх ойлголтыг дутуу өгөх, буруу, алдаатай үйл ажиллагаа явуулснаар нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагатай үл ойлголцол үүсгэх, хэрүүл зөрчил гаргах явдал гардаг.

Уул уурхайг зөв ашиглана гэдэг нь товчхондоо тухайн уурхайг ашигласны үр дүнд улс орны хөгжилд нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохиролгүй байхыг хэлэх ба энэ нь уул уурхайг төлөвлөж эхлэхээс авахуулаад дуусах хүртэл хийгдэх олон талын цогц арга хэмжээ юм. Эдгээр нийт арга хэмжээг товчхонд нь олон улсын хэмжээнд “Responsible Mining” гэж нэрлэсэн бөгөөд бид үүнийг монголоор “Хариуцлагатай уул уурхай” гэж томъёолж байна.

Уул уурхайг хариуцлагатай байлгах нь уул уурхайн бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанаас шууд хамаарна. Төр харин бодлогоор дэмжинэ, хянана, үнэлэлт дүгнэлтээ өгнө, иргэд бол ойлгоно, дэмжинэ. Харин уул уурхайгаас олсон орлогыг яаж зарцуулах нь төрийн асуудал бөгөөд түүнийг буруу зарцуулснаар “баялгийн хараал” хүрдэг. Ийм байдлыг ХУУ-тай хольж болохгүй. Баялгийн хараал хүрэх нь уул уурхайг хариуцлагагүй эрхэлснээс болж байгаа зүйл биш, төрийн төсөв санхүүгийн алдаатай бодлогоос болж байгаа асуудал юм

Хариуцлагатай уул уурхай гэдэг нь олон улсын хэмжээнд харьцангуй шинэ ойлголт бөгөөд түүнийг тодорхойлох, уул уурхайн үйлдвэрлэлээ хариуцлагатайгаар эрхлэхэд суралцах, хэрэгжүүлэх талаар улс орнууд янз бүрийн түвшинд ажиллаж байна.

Аливаа улс оронд ХУУ хөгжинө гэдэг нь тухайн улсын уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа ХУУ-д тавигдах шаардлагын хэмжээнд гүйцэтгэнэ гэсэн үг. Харин төрөөс тэднийг бодлогоор дэмжин, хяналтаа тавьж, үнэлэлт дүгнэлтээ өгөн ажиллах ёстой. Уул уурхайн бусад оролцогчдын хувьд уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг ойлгон, дэмжин ажиллахад болно. Тиймд ХУУ-г хөгжүүлнэ гэдэг нь тухайн орны уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанаас шууд хамаарч байна.

 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ МОНГОЛД.

 

Манай улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга 2006 оноос эхлэлтэй бөгөөд төрийн, төрийн бус,  бизнесийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцсон олон удаагийн дугуй ширээний хэлэлцүүлэг, уулзалтын үр дүнд хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, түүний үндэс болсон найман зарчмыг боловсруулан 2007 онд олон талт нэгдсэн уулзалтаар хүлээн зөвшөөрч, баталсан байдаг.

 2 дугаар зураг. ХУУ-н тодорхойлолт, зарчыг хэлэлцэж байгаа байдал.

 

Олон талт уулзалтын нэгдсэн хуралдаанаар ХУУ-н тодорхойлолт, зарчмыг дараах байдлаар тодорхойлсон:

Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт: Бүх холбогдох талууд, ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурласан, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол улсад байнгын ашиг орлого оруулж байх, эрдэс баялгийн салбар дахь ил тод, цогц үйл ажиллагааг “Хариуцлагатай уул уурхай” гэж ойлгоно.

 Уул уурхайн эрхлэгчид энэ тодорхойлолтыг ханган ажиллахын тулд хийх ёстой ажлуудыг найман хэсэгт төрөлжүүлэн бүлэглэж өгсөн ба эдгээрийг тус бүрд нь “зарчим” гэж нэрлэн, эрдэс баялгийг хайх, ойлборлох  ажлбг хариуцлагатайгаар гүйцэтгэхэд дараах 8 зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тогтоосон. Үүнд:

  1. Олон талын оролцоог хангах.
  1. Ил тод, нээлттэй байх.
  2. Хуулийг сахин дээдлэх.
  3. Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх.
  4. Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах.
  5. Үр өгөөжтэй байх.
  6. Хүмүүнлэг ёс зүйтэй байх.
  7. Дэвшилтэт технологид суурилсан байх.

3 дугаар зураг. ХУУ-н найман зарчмыг хэлэлцэж байгаа нь (2007 он).

Мөн 2007 онд талууд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, дээрх тодорхойлолт, зарчмуудыг агуулсан Хариуцлагатай уул уурхайн Санаачлагын Тунхаг бичгийг

  

                                     а.                                                                                               б.

4 дүгээр зураг. Хариуцлагатай уул уурхайн Санаачилгын Тунхагт  гарын үсэг зурж байгаа нь. а-ХУУ-н тунхаг бичиг, б-тунхаг бичигт гарын үсэг зурж байгаа явц.

боловсруулан гаргаж, түүнд 80 гаруй байгууллага, иргэдийн төлөөлөл нэгдэн орж гарын үсгээ зурсан. 

Цаашид хариуцлагатай уул уурхайн стандартыг гаргах, хариуцлагатай уул уурхайн асуудлаар ажиллах байгууллага эсвэл төв үүсгэн байгуулах боломжийг судлах үүднээс ажлын хэсэг байгуулж ажилласны дүнд Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор Тогтвортой Хөгжлийн төлөөх Хариуцлагатай Уул Уурхайн Санаачилга ТББ-г байгуулж, албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалын 3.2.1.3-д “Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна”, 3.2.4.1-д “Уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих хяналтыг сайжруулна” гэж тус тус заажээ

Уг байгууллага бий болсноос хойш 2010 он хүртэл ХУУ-н зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн байгууллага юу хийх ёстойг заасан шалгуур үзүүлэлтийг боловсруулаад байна.

Хариуцлагатай уул уурхайг монголд хөгжүүлэхэд УИХ, Засгийн газрын зүгээс дэмжин, энэ асуудлыг бодлого төлөвлөлтийн олон баримт бичигт тусгасан байдаг.

 

“Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого”-ын 3.3.1-д “... байгаль орчныг хамгаалах шаардлагыг хангасан, ил тод, хариуцлагатай уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлах”, 3.3.3-д “Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжинэ” гэж заасан байдаг

Дээр дурдсан эрх зүйн голлох баримт бичигт тодорхойлон заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс манайд хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийг дүгнэх аргачиллыг гаргах, хариуцлагатай уул уурхайн стандартыг боловсруулан батлуулах мөн уул уурхайн компаниудын хариуцлагатай байдлын түвшинг тогтоож, түүнд дүн шинжилгээ хийснээр бодлого боловсруулах, сургалт явуулах, стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар үндсэн зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна.

            Аливаа улс оронд ХУУ-г хөгжүүлэхийн тулд дараах шат дараалсан арга хэмжээ авах шаардлагатай бий:

  1. Улс орон өөрийн орны онцлогт нийцүүлсэн ХУУ-н тодорхойлолт, түүнийг ханган ажиллахын тулд гүйцэтгэх үүргийг бүлэглэн тодорхойлсон зарчмуудыг гаргаж, тогтоосон байх. Ингэснээр тухайн оронд уул уурхайг хариуцлагатайгаар эрхлэх тухай нэг ижил ойлголттой болж, зорилго нь нэгдэнэ.
  2. Уул уурхайн үйл ажиллагааг хариуцлагатайгаар явуулахын тулд хийх шаардлагатай ажлуудыг тодорхойлон гаргах. Үүнийг зарчим бүрээр нь гаргах ба энэ нь хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлт болно. Ингэснээр ХУУ-н зарчмыг хангахын тулд яг юу хийх ёстой нь тухай улсад тодорхой болно.
  3. Шалгуур үзүүлэлт бүрийг хэр хэмжээнд хангахыг хариуцлагатай байна гэж үзэхийг тогтоож өгнө. Өөрөөр хэлбэл шалгуур үзүүлэлтийн дүгнэх аргачиллыг боловсруулна. Ингэснээр уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид ажлаа хариуцлагатайгаар явуулахын тулд шалгуур үзүүлэлтийг ямар хэмжээнд гүйцэтгэх ёстойг мэдэхээс гадна уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн хариуцлагын түвшинг тогтоох боломжтой болно.
  4. ХУУ-н шалгуур үзүүлэлт, түүний дүгнэх аргачиллыг тусгасан ХУУ-н стандарт гарган батлах. Ингэснээр ХУУ-н эрх зүйн баримт бичгийн бүрдэл гүйцэж, уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч хариуцлагатай болохыг хүсвэл хийх ажил нь тодорхой болно. Мөн тэдний өөрсдийнх нь хийж чадахгүй ажлыг гүйцэтгэж өгөх өөрөөр хэлбэл стандартыг хангуулах мэргэжлийн байгууллагууд бий болж, ХУУ-н талаар олон нийтэд мэдлэг өгөх сургалтуудын хөтөлбөр нь жигдэрч, төрийн албадаас тавих хяналтаар шалгах шалгалтын хуудсын агуулга баяжигдаж тодорхой болох сайн талтай.
  5. Жил бүр уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн хариуцлагын түвшинг тогтоож, түүнд дүн шинжилгээ хийж байх. Үүний үр дүнд дараах зүйлс тодорхой болно:

а. Уул уурхайн компаниуд хариуцлагатай байхад ямар шалгуур дээр голлон алдаж байна. Үүний шалтгаан нь юу болохыг тодорхойлно.

б. Олборлож буй ашигт малтмалын төрөл, хөрөнгө оруулалтын гарал үүсэл, уурхайн байрлал гэх мэт төрөл бүрд ямар нийтлэг хариуцлагын алдаа гарч байгааг тодорхойлно.

в. Гараад байгаа алдааг засаж залруулахын тулд төрийн бодлогын хэмжээнд юуг шийдэх, төрийн бус байгууллагууд болон тухайн компани өөрөө юу хийх ёстойг нэг бүрчлэн тодорхойлно.

г. Уул уурхайн компаниуд өөрсдийгөө хэр хариуцлагатай ажиллаж байгаагаа мэдэж авснаар тэд цаашид юу хийх, юунд суралцах ёстойгоо тодорхойлж авна.

Ингэснээр тухайн улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх процесс тасралтгүйгээр үргэлжлэн явагдана. Энэ үйл ажиллагаа зогсох боломжгүй бас замаасаа хазайх нөхцөлгүйгээр үргэлжлэн явагдах болно

 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТАЛААР ГАДААДЫН БУСАД ОРОНД ХИЙГДЭЖ БУЙ АЖИЛ. 

 

Бид хариуцлагатай уул уурхайн талаарх судалгааг интернетийн орчинд хангалттай хийсэн. Олон улсад уул уурхайг зүй зохистойгоор эрхлэх, сайн туршлага бүхий стандарт, удирдамж, зөвлөмжүүд багагүй байдаг ч тэдгээр нь бичил уурхай эрхлэгч, орон нутгийн иргэдийн эрхийг хамгаалах, байгаль орчин, усны менежментийн чиглэлээр эсвэл тусгайлан алт, нүүрс, газрын тос олборлогчдод зориулсан материал байна. Тэдгээр нь хариуцлагатай уул уурхайн олон талын оролцоог хангах, ил тод байх, хүний хөдөлмөрлөх эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах гэх мэт зарим нэг өнцгөөс харсан байдлаар бичжээ. Харин уул уурхайн үйдвэрлэлийн бүх хүрээний нөхцөлд тохирсон материал, баримт бичиг, стандарт одоогоор алга байна.

Мөн хариуцлагатай уул уурхайг тодорхойлсон тодорхойлолт олдохгүй байна.

Харин “Wikipedia” нэвтэрхий тольд хариуцлагатай уул уурхайг “Байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц, стратегийн бодлогоор үйл ажиллагааг явуулахыг хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч гэж үзнэ” гэж тодорхойлжээ.

 Бидний хийж буй ажилд хамгийн ойрхон гэж үзсэн, уул уурхайг хамгийн олон талаас нь харж чадсан ганц баримт бичиг олдсон.

Энэ нь Хариуцлагатай уул уурхайн итгэмжлэлийн санаачилга (IRMA) олон улсын байгууллага 2014 онд санаачлан боловсруулсан “Хариуцлагатай уул уурхайн стандарт”-ын төсөл /Irma standard for responsible mining IRMA STD-001 Draft v2.0/ юм. Үйлдвэрчний эвлэл, уул уурхайн компани, мэргэжлийн судлаач, иргэний нийгмийн байгууллага, нөлөөнд өртсөн орон нутгийн иргэдээс санал авч энэхүү стандартыг сайжруулах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнд уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хүний эрх, байгаль орчны тогтвортой байдалд суурилсан үйлдвэрлэл явуулж буйн баталгаа болох төдийгүй тэр чиглэлд хөтлөх удирдамж нь болгохыг зорилго болгожээ.

 

Уг стандарт нь дөрвөн үндсэн зарчим, хэд хэдэн дэд зарчим бүхий бүлгүүдийг хамарч байна:

  1. Бизнесийн уялдаа холбоо.

Зорилт: Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч компани нь ил тод байх ёстой ба энэ нь тухайн орны болон олон улсын хууль, тогтоомж, сайн туршлагатай нийцсэн үйл ажиллагаа явуулахад тавигдах шаарлагуудыг багтаана. Үүнд дараах агуулгыг багтаасан байна:

  • Хуулийн нийцүүлэлт
  • Ашиг орлого болон татварын ил тод байдал

 

  1. Нийгмийн хариуцлага

Зорилт: Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч компани нь үйл ажиллагаа явуулахдаа хүний эрх, соёлын өв, уламжлалыг хүндэтгэсэн, тухайн орон нутгийн иргэд болон ажиллагсдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал болон чанартай амьдралын нөхцөлийг хангасан байна. Үүнд дараах агуулгыг багтаасан байна:

  • Шударга хөдөлмөр болон ажлын нөхцөл
  • Мэргэжлээс шалтгаалсан эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл
  • Гэнэтийн осол аваарын бэлэн байдал болон хариу арга хэмжээ
  • Хүний эрхийг хамгаалах болон санал гомдол шийдвэрлэлт
  • Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өндөр эрсдэлтэй, зөрчил үүсэж болзошгүй газар, бүлгийг тусгайлан үзэх
  • Аюулгүй байдал, харуул хамгаалалт
  • Орон нутгийн иргэдийн эрүүл мэнд болон аюулгүй байдал
  • Орон нутгийн иргэд болон оролцогч талуудыг тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, ирээдүйд нөлөөлөх уул уурхайн үйл ажиллагаатай холбогдох шийдвэр гаргах процест оролцуулах
  • Орон нутгийн иргэдийн ирээдүйн амьдралд дэмжлэг үзүүлэх
  • Орон нутгийн иргэдийн хүний эрх, соёл уламжлалыг хүндэтгэх
  • Соёлын өвийг хамгаалах
  • Санал гомдол хүлээн авах, шийдвэрлэх механизм нь хүртээмжтэй байх

 

  1. Байгаль орчны хариуцлага

Зорилт: Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч нар үйл ажиллагаагаа явуулахдаа бүх орлцогч талуудыг оролцуулан байгаль орчин, орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгах арга хэмжээг авна. Үүнд дараах агуулгыг багтаасан байна:

  • Усны чанар
  • Усны түвшин, хэмжээ
  • Уурхайн хог хаягдлын менежмент
  • Агаарын чанар
  • Дуу чимээ
  • Хүлэмжийн хий ялгаруулалт
  • Цианид
  • Мөнгөн ус

 

  1. Эерэг туршлага, өв үлдээх төлөвлөлт, удирдлага

Зорилт: Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч компани оролцогч талуудтай хамтрах нь тухайн уул уул уурхайн төсөл нь байгаль орчны болон нийгмийн эерэг туршлага, өв үлдээх төлөвлөгөө, удирдлагын бодлоготой байна.

  • Байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ
  • Нөхөн сэргээлт болон хаалт

Эдгээр зарчим, шаардлагууд нь тус бүрдээ илүү дэлгэрэнгүй тайлбар, зөвлөмж бүхий шаардлагуудтай юм байна.

Энэ стандартын төсөлд дурдагдсан зүйлс бидний гарын авлагын агуулгатай ерөнхийдөө таарч байгаа боловч бүлэглэл, дарааллын хувьд ялгаатай байна. Гэвч хариуцлагатай уул уурхайд тавигдах шаардлага, тэдгээрийн ач холбогдлын хувьд эзлэх байр, дэс дараалал нь улс орны уул уурхайн хөгжлийн онцлог, хууль эрх зүйн болон иргэдийн мэдлэг, ухамсрын түвшингээс хамаарч харилцан адилгүй байж болно. 

 

Ашигласан материал:

  1. Байгаль орчны нөхөн сэргээлтийн талаарх олон улсын чиг хандлага, Монгол улсад зайлшгүй шаардлагатай эрх зүйн зохицуулалт (Бодлогын судалгаа ) Гүйцэтгэсэн: Референт-шинжээч Чимэдийн Базар (Ph.D)
  2. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөө
  4. Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ 2016 он
  5. Тогтвортой хөгжил-байгалийн нөөцийн хариуцлагатай ашиглалт. Талуудад зориулсан гарын авлага 2015 он. Г.Гансүх, И.Бямбажав, П.Болормаа
  6. Төрөөс эрдэс баялгийн салбарын талаар баримтлах бодлого /2013-2024он/
  7. Хариуцлагатай уул уурхайн стандартын төсөл /Irma standard for responsible mining IRMA STD-001 Draft v2.0/. 2014 он. Хариуцлагатай уул уурхайн баталгаажилтын санаачилга олон улсын байгууллага IRMA
  8. Corporate social responsibility in the mining industry: criteria and indicators. Carla vintró6 Josep comajuncosa
 Doctoral dissertation 2009
  9. Ethos indicators. Ethos Corporate Social Responsibility INDICATORS
  10. IFC Performance Standards on Environmental and Social Sustainability 2012
  11. Mapping Mining
to the Sustainable Development Goals: An Atlas UNDP 2015
  12. Mining a mirage. Reassessing the shared-value paradigm in light of the technological advances in the mining sector 20126