Уул уурхайн компаниудын хариуцлагын түвшинг тогтоох тухай

  1. Хариуцлагатай уул уурхай.

 

Хөрст дэлхий хүн төрөлхтөнд газрын дороо харамгүй их баялгийг бий болгон өгсөн байдаг. Гэхдээ  энэ нь улс орнуудын хувьд харилцан адилгүй хэмжээтэйгээр заяагдсан байна. Аливаа улсын газар нутагт их баялаг байна гэдэг нь тэр орны хүн амын амьдрах нэг эх үүсвэр болох ба тэдгээрийг худалдан борлуулснаар хөрөнгөтэй болох, түүгээрээ хөгжих том боломж юм байна.

Тэгэхээр баялаг ихтэй улс нь баян цатгалан, баялаггүй улс нь ядуу дорой амьдарч байна уу гэвэл өнөөгийн нөхцөлд үгүй байна. Газрын доорх баялаг ихтэй мөртлөө маш ядуу буурай амьдарч байгаа улс байхад бараг баялаг байхгүй мөртлөө өндөр хөгжчихсөн, баян тансаг улс орнууд бас байна.

Баялаг ихтэй мөртлөө хүн ард нь баян цатгалан амьдарч чадахгүй байгаа нь тухайн улс уул уурхайн баялагаа буруу ашиглаад байгаатай холбоотой юм.

Уул уурхайн баялагаа буруу ашигласнаар тухайн орны ард иргэд нь баялгийнхаа үр шимийг хүртэж чадахгүй, ядуураад, байгаль орчин нь бохирдон сүйрч, хүн ардын дунд үймээн самуун дэгдэж, тэр улс хөгжил рүү биш мөхөл рүүгээ явдаг байдал өнөөдөр цөөнгүй улс орнуудад тохиолдоод байна. Үүнийг “баялгийн хараал хүрэх” гэж нэрлэх болсон.

Уул уурхайг зөв ашиглана гэдэг нь товчхондоо тухайн уурхайг ашигласнаар улс орны хөгжилд нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчинд хохиролгүй байхыг хэлэх ба энэ нь уул уурхайг төлөвлөж эхлэхээс авахуулаад дуусах хүртэл хийгдэх олон талын цогц арга хэмжээ юм. Эдгээр ни 2,12,34,10,58,14,60,32,36,30,62йт арга хэмжээг товчхонд нь олон улсын хэмжээнд “Responsible Mining” гэж нэрлэсэн бөгөөд бид үүнийг монголоор “Хариуцлагатай уул уурхай” гэж орчуулан хэрэглэж байна.

Хариуцлагатай уул уурхай гэдэг нь олон улсын хэмжээнд харьцангуй шинэ ойлголт бөгөөд түүнийг тодорхойлох, уул уурхайгаа хариуцлагатайгаар эрхлэхэд суралцах, хэрэгжүүлэх талаар улс орнууд янз бүрийн түвшинд ажиллаж байна.

 

2. Хариуцлагатай уул уурхай монголд.

 

Манай улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга 2006 оноос эхлэлтэй бөгөөд төр, төрийн бус, хувийн болон бизнесийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцсон олон удаагийн дугуй ширээний хэлэлцүүлэг, уулзалтын үр дүнд хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт, түүний үндэс болсон найман зарчмыг боловсруулан 2007 онд олон талт нэгдсэн уулзалтаар хүлээн зөвшөөрч, баталсан байдаг.

Олон талт уулзалтын нэгдсэн хуралдаанаар ХУУ-н тодорхойлолт, зарчмыг дараах байдлаар тодорхойлсон:

Хариуцлагатай уул уурхайн тодорхойлолт- Бүх холбогдох талууд, ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурласан, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн салбар дахь ил тод, цогц үйл ажиллагааг “Хариуцлагатай уул уурхай” гэж ойлгоно гээд эрдэс баялгийг хайх, ойлборлох үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэхэд дараах 8 зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тогтоосон. Үүнд:

  1. Олон талын оролцоог хангах.
  1. Ил тод, нээлттэй байх.
  2. Хуулийг сахин дээдлэх.
  3. Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх.
  4. Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах.
  5. Үр өгөөжтэй байх.
  6. Хүмүүнлэг ёс зүйтэй байх.
  7. Дэвшилтэт технологид суурилсан байх.

 

Мөн 2007 онд талууд үйл ажиллагаандаа дагаж мөрдөх  Хариуцлагатай уул уурхайн Санаачлагын Тунхаг бичгийг боловсруулан гаргаж, түүнд 80 гаруй байгууллага, иргэдийн төлөөлөл нэгдэн орж гарын үсгээ зурсан. 

Цаашид хариуцлагатай уул уурхайн стандартыг гаргах, хариуцлагатай уул уурхайн асуудлаар ажиллах байгууллага эсвэл төв үүсгэн байгуулах боломжийг судлах үүднээс ажлын хэсэг байгуулж ажилласны үр дүнд Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор Тогтвортой Хөгжлийн төлөөх Хариуцлагатай Уул Уурхайн Санаачлага ТББ-г байгуулж, албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Хариуцлагатай уул уурхайг монголд хэрэгжүүлэхэд УИХ, Засгийн газрын зүгээс дэмжин, бодлого төлөвлөлтийн олон баримт бичигт энэ асуудлыг тусгасан байдаг. Үүнд: Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалын 3.2.1.3-д “Ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулна”, 3.2.4.1-д “Уул уурхайн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, орлогод тавих хяналтыг сайжруулна” гэж заасан байна.

“Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого”-ын 3.3.1-д “... байгаль орчныг хамгаалах шаардлагыг хангасан, ил тод, хариуцлагатай уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлах”, 3.3.3-д “Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжинэ” гэж мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний Стратеги 2 ба 3.2-д “Хариуцлагатай ил тод уул уурхайг төлөвшүүлнэ” гээд “Уул уурхайн компаниудын хариуцлагын шалгуур үзүүлэлт, стандартыг шинэчлэн боловсруулж, хариуцлагын зэрэглэлийг тогтоон жил бүр олон нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан байна.

Дээр дурдсан эрх зүйн голлох баримт бичигт тодорхойлон заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийг шинэчлэн сайжруулах, хариуцлагатай уул уурхайн стандартыг боловсруулан батлуулах, уул уурхайн компаниудын хариуцлагын түвшинг нь тогтоож, түүнд дүн шинжилгээ хиснээр бодлого боловсруулах, сургалт явуулах, стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн зорилго тавигдаж байна.

Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шат дараатайгаар гүйцэтгэх шаардлагатай болж байна. Үүнд:

Зорилт 1: Уул уурхайн компаниудын хариуцлагын түвшинг тогтоон, түүнд дүн шинжилгээ хийх.

Үүний үр дүнд уул уурхайн компаниуд хариуцлагатай байхын тулд юуг хийж чадахгүй эсвэл буруу хийгээд байгааг мэдэх, түүнчлэн хариуцлагатай уул уурхайг монголд хөгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах, аль чиглэлээр сургалт явуулах хэрэгтэй, цаашлаад хариуцлагатай уул уурхайн стандарт ямар хэмжээнд гарах шаардлагатай болохыг тогтоож авна.

Зорилт 2: Хариуцлагатай уул уурхайн стандарт боловсруулах.

Энэ стандартаар уул уурхайн компаниуд дээрх зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд юуг ямар түвшинд хийх ёстойг нарийвчлан зааж өгөх юм.

Зорилт 3: Сургалт явуулах.

Уул уурхайн компаниудад хариуцлагатай уул уурхайг хэрхэн хөгжүүлэх, хариуцлагатай байхын тулд юу хийх, хариуцлагатай уул уурхайн стандартыг яаж хэрэгжүүлэх, компанийн удирдлагууд болон компани дээрээ хариуцлагатай уул уурхайн стандартыг хариуцан хэрэгжүүлэгч нарыг мэдлэг, чадвартай болгох.

Зорилт 4: Зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

Уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайн стандартыг байгууллагадаа хэрэгжүүлэхэд нь зөвлөх, туслах

 

3. Нэгдүгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хийгдэх ажил.

 

Нэгдүгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлыг гүйцэтгэх шаардлагатай болж байна:

  1. Уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжийн хариуцлагын түвшинг тогтоох комисс /ХТТК/-ыг байгуулна. Энэ комисст төр /УУХҮЯ, БОАЖЯ, АМХЭГ, МХЕГ/, төрийн бус байгууллага /Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Төлсөн авснаа нийтэл ТББ, болон уул уурхай, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын төлөөлөл/, бизнесийн байгууллага /МХАҮТанхим, Ажил олгогч эздийн холбоо, Уул уурхайн ассоциаци, Нүүрс ассоциаци г.м/-ын төлөөлөл оролцох нь зүйтэй. ХТТК нь УУХҮЯ-ны сайдын тушаалаар батлагдах ба нарийн бичгээр нь манай байгууллага ажиллах боломжтой. Комисс цаашид байнгын ажиллагаатай байх болно.
  2. Хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлт, түүний хэрэгжилтийг дүгнэх аргачиллын төслийг Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга ТББ боловсруулна. Энэ нь хариуцлагатай уул уурхайн стандарт боловсруулах суурь судалгааны материал, уул уурхайн компаниудын хариуцлагын түвшинг эхний байдлаар тогтоох гарын авлага нь болно.
  3. ХТТК хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлт, түүнийг дүгнэх аргачиллын төсөлд холбогдох байгууллагаас саналыг аван эцэслэн хэлэлцээд, албажуулах ажлыг зохион байгуулна.
  4. ХТТК нь хариуцлагын түвшинг дүгнэх аргачилалд заасны дагуу компаниудын хариуцлагын түвшинг тогтооход хэрэглэгдэх мэдээллийг авах сүлжээ, механизмыг бий болгож, мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулна.
  5. Уул уурхайн компаниудын хариуцлагын түвшинг тогтоож, түүнд дүн шинжилгээ хийн, энэ жилийн байдлаар ерөнхий үр дүнг гаргаж нийтэд мэдээлнэ. Дараа жилээс уул уурхайн компаниудын хариуцлагын түвшинг тогтоон, шалгаруулж хариуцлагатай нэгнийг урамшуулж, хариуцлага сул нэгнийг хариуцлагатай болгох арга хэмжээг авах ажлыг тогтмолжуулан гүйцэтгэдэг болно.

 

Хариуцлагын түвшинг тогтоож, түүнд дүн шинжилгээ хийснээр дараах зүйлсийг тодруулна:

а. Уул уурхайн компаниуд хариуцлагатай байхад ямар шалгуур дээр голлон алдаж байна. Үүний шалтгаан нь юу болохыг тодорхойлно.

б. Олборлож буй ашигт малтмалын төрөл, хөрөнгө оруулалтын гарал үүсэл, уурхайн байрлал гэх мэт төрөл бүрд ямар нийтлэг хариуцлагын алдаа гарч байгааг тодорхойлно.

в. Гараад байгаа алдааг засаж залруулахын тулд төрийн бодлогын хэмжээнд юуг шийдэх, төрийн бус байгууллагууд, компани өөрөө юу хийх ёстойг нэг бүрчлэн тодорхойлно.

г. Хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийг цаашид яаж сайжруулах талаар болон хариуцлагатай уул уурхайн стандартын бүтэц, агуулгыг тодорхойлж, стандарт боловсруулж эхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

д. Уул уурхайн компаниудад хариуцлагатай уул уурхайн талаар явуулах сургалтын хөтөлбөрийг бодитойгоор боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

4. Хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлт, дүгнэх аргачлалд баримтлах зарчим.

 

Одоогийн байдлаар хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлт, түүний хэрэгжилтийг дүгнэх аргачиллын төслийг Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга ТББ-аас боловсруулаад байна.

Хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлт, дүгнэх аргачлалыг зарчим бүр дээр өөр өөрийн онцлогийг нь харгалзан боловсрууллаа. Шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа хариуцлагатай уул уурхайн хэрэгжүүлэх зарчим бүрийн тодорхойлолтыг гарган, түүний бүрэлдэхүүн хэсэг бүрд дэлгэрэнгүй тайлбарыг хийж, мөн зарчмын бүрэлдэхүүн хэсэг бүр дээр түүнийг хэрэгжүүлэхийн тулд авах арга хэмжээг тодорхойлон гаргалаа.

Жишээ нь Хууль сахин дээдлэх зарчмын тодорхойлолт нь “Хуулийг сахин дээдлэх гэдэг нь уул уурхайн компанийн бүх үйл ажиллагаа нь төрийн хууль, түүнийг даган гарсан дүрэм журмын хүрээнд явагддаг, компанийн удирдлага хуулиар өгөгдсөн үүрэг болон үйл ажиллагааны хэм хэмжээ, цаг хугацааг баримтлан ажилладаг байхаас гадна компанийн ажилчид, нутгийн иргэд хуулийг баримталдаг байхад нь дэмжин тусалдаг байх явдал юм” гэж тодорхойлоод, энэ тодорхойлолтод орсон “Хуульд заасан үүргээ биелүүлэх”, “Үйл ажиллагааны хэм хэмжээг баримтлах”, Цаг хугацааг баримтлах”, “Компанийн ажилчид, нутгийн иргэд хуулийг баримталдаг байхад нь дэмжин тусалдаг байх” гэдэг нь юу болох, үүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстойг нарийвчлан гаргаж өгсөн.

 

Эцэст нь хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд авахаар тодорхойлон бичсэн арга хэмжээнүүдийн хэрэгжүүлсэн байдлыг дүгнэх үзүүлэлт, өгөх дүн, дүгнэх мэдээллийг олж авах эх сурвалжийн талаарх аргачиллыг хүснэгт хэлбэрээр үзүүллээ. Хариуцлагын түвшинг дүгнэхдээ дараах зарчмыг баримтлан гүйцэтгэнэ:

  1. Шалгуур үзүүлэлт нь харицлагатай уул уурхайн зарчмын үндсэн агуулгыг хэрэгжүүлсэн эсэхийг хянаж болохуйц бүтэцтэй, зорилгоо хангах хэмжээний агуулгатай байна.
  2. Эхний ээлжинд энэ жилийн хувьд шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг үнэлэхдээ зарим хэсэгт шалгуур үзүүлэлтэд заасан ажил бүр дээр үнэлгээ өгөхөд голлох биш, ерөнхийдөө энэ ажил хийгдэж байгааг тодорхойлж чадах хэмжээгээр үнэлэхээр дүгнэх үзүүлэлтийг авсан болно.
  3. Тухайн компанийн хариуцлагын түвшинг тогтоох үнэлгээг хийхдээ уурхайг газар дээр нь очиж шалгахгүйгээр, тухайн байгууллагаас өөрөөс нь ямар нэг тайлан мэдээ авахгүйгээр дүгнэх боломжтой байхаар шалгуур үзүүлэлтийг тогтоосон байна. Үнэлгээ хийхэд бүх уурхайгаар явж үзэх гэдэг нь хүндрэлтэй бараг бүтэшгүй ажил гэж үзнэ. Мөн үнэлгээ хийлгэж буй байгууллагаас өөрсдөөс нь биелэлтийг нь гаргуулж дүгнэх нь буруу дүгнэгдэж болохоос гадна багагүй маргааны үр дагаварыг дагуулна.
  4. Дүгнэх мэдээллийн эх сурвалж нь төрийн байгууллагаас авсан мэдээлэл дээр үндэслэсэн байх ба үүнийг баттай эх сурвалж гэж үзнэ. Мэдээллийг дараах эх сурвалжуудаас жилд нэг удаа авч байна:
  • Орон нутгийн Засаг даргын тамгын газраас /Орон нутгийн уул уурхай хариуцсан мэргэжилтэн болон мэргэжлийн хяналтын газар, улсын байцаагч нар/
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас
  • Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас
  • Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга ТББ-аас /Түүний орон нутаг дахь салбараар дамжуулж зарим мэдээллийг авах боломжтой/

Дээрх байгууллага бүрийг төлөөлөх албан тушаалтан шалгуур үзүүлэлтийг дүгнэх комиссын гишүүнээр ажиллах бөгөөд тэдний жил бүр авдаг тайлангийн маягтад нь шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд шаардагдах үзүүлэлтүүдийг салбарын онцлогоос нь хамааруулан оруулсан байна.

  1. Мэдээллийг авахдаа маш тодорхой асуулга бүхий хүснэгтээр авна. Уг хүснэгийг бөглөхөд хэрэгцээт мэдээлэл орхигдох буюу буруу, хоёрдмол утгатайгаар бичигдэхгүй байхаар боловсруулсан байна.
  2. Шалгуур үзүүлэлт бүр ижил түвшинд үнэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл тусгайлан өндөр оноогоор дүгнэгдэх шалгуур гэж байхгүй. Тиймд олон шалгууртай зарчим нь өндөр оноо цуглуулна. Үр дүн нь нийт хэдэн оноо цуглуулахаас хэдийг цуглуулсан буюу хэдэн хувийн хэрэгжилттэй байгаагаар дүгнэгдэнэ.
  3. Шалгуур үзүүлэлтийг дүгнэхдээ бүрэн шаардлага хангасан /90%-иас дээш хэмжээнд/ бол 5 оноо, дундаас дээгүүр хэмжээнд /60-90%-н хэмжээнд/ шаардлагыг хангасан бол 4 оноо, дунд хэмжээнд /40-60%-н хэмжээнд/ шаардлагыг хангасан бол 3 оноо, дундаас доогуур хэмжээнд /10-40%-н хэмжээнд/ хангасан бол 2 оноо, муу хангасан /10 хүртэл %-н хэмжээн/ бол 1 оноо, огт хангаагүйд 0 оноо өгөх ба нийт онооны нийлбэр нь авбал зохих онооны хэдэн хувийг хангаснаар эцсийн түвшин тогтоогдоно. Зарим шалгуурт түүний онцлогоос хамааруулан хасах оноо өгч болно                                                                                                                                                                                                    
  4. Зөвхөн өнгөрч буй 1 жилийн хугацааны үйл ажиллагааг дүгнэнэ

 

5. Хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлт, стандарт, дүгнэх аргачлалын ач холбогдол

 

  1. Монголд уул уурхайн үйлдвэрлэл хир хариуцлагатай явагдаж байгааг тодорхойлох, түүнд дүн шинжилгээ хийх судалгааны материал болно
  2. Уул уурхайн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хариуцлагатай явуулахад мөрдөх, чиг баримжаагаа болгох лавлах нь болно
  3. Хяналтын байгууллагууд уул уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийх ерөнхий чиг баримжаа нь болно
  4. Эрдэс баялаг хайх, олборлох үйл ажиллагаа эрхлэгсэд, уурхай бүхий орон нутгийн иргэд, төрийн албан хаагчдад сургалт явуулах хөтөлбөрийн үндэс нь болно.
  5. Төрийн байгууллагын статистик мэдээ авдаг маягт нь тодорхой зорилготойгоор баяжигдана.
  6. Эрдэс баялагийн салбарын төрийн бодлого боловсруулахад нэг үндэслэл, материал нь болно

 

6. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн ач холбогдол

 

Уул уурхай эрхлэгчид нь хариуцлагатай байснаар дараах үр өгөөжийг хүртэж болно. Үүнд:

  1. Оролцогч талуудтай харилцах харилцааг зохих түвшинд нь гүйцэтгэснээр:
  • аливаа шийдвэр нь аль аль талын эрх ашгийг хөндөөгүй, улмаар талуудад ашигтай зөв шийдвэр байх болно;
  • үйлдвэрлэлийн явцад янз бүрийн эсэргүүцэл, маргаантай тулгарахгүй, ажил саадгүй явах боломжтой болно;
  • орон нутгийн төрийн байгууллага, иргэд нь уурхайн талаар зөв ойлгоцтой болж тэдний дэмжлэгийг авах боломжтой болно.

 

  1. Ил тод байснаар:
  • орон нутгийн зүгээс элдэв хардлага, сэрдлэг үгүй болж тайван ажиллах боломжтой болно;
  • үйлдвэрлэлийн явцад гарах алдаа оноог хөндлөнгөөс харж хэлж өгөн, түүнийгээ засаж залруулахад хялбар болно;
  • үйл ажиллагаанд төрийн байгууллагаас тавих хяналт хялбар болж дахин дахин шалгалт ирээд байх шаардлагагүй болно

 

  1. Хуулийг сахин дээдэлснээр:
  • үйл ажиллагаа тогтвортой явагдана;
  • ирээдүйгээ төлөвлөхөд асуудалгүй, хялбар байх болно;
  • элдэв торгууль шийтгэвэр, арга хэмжээнд орохгүй байна;
  • төрийн албан хаагч, байцаагч нарт долгинох, тал засах, тэднээс айх шаардлага гарахгүй болно;
  • өөрийн эрхгүй авилгын асуудалд орооцолдохгүй болно;
  • аливаа асуудлыг төрийн байгууллагаар шийдүүлэхэд цаг алдахгүй, зам нь илүү шулуун байх болно.

 

  1. Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээснээр:
  • байгаль орчны бохирдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг багасгах, арилгах боломжтой болно;
  • хүний эрүүл мэндийг хамгаалах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ;
  • эрдэс баялагийн хайгуул, олборлолт явуулахад нийгмийн зүгээс ирэх эсэргүүцэл, дургүйцэл үгүй болно;
  • бүх ажилтан, ажиллагсдын эрүүл ахуй, аюулгүй ажиллах нөхцөл дээшилнэ;
  • үйлдвэрлэлийн ослын уршгийг арилгахад зарцуулах илүү зардлыг хэмнэнэ.

 

  1. Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулснаар:
  • орон нутагт өгөх хандив тусламж нь зөв зүйлд зарцуулагдана;
  • нутгийн иргэд үе дамжин яригдах сайн үйлс бүтээгдэнэ;
  • дахин тэр нутгаар явахад нүүр бардам байх болно.

 

  1. Үр өгөөжтэй байснаар:
  • нийт ард түмний өмч болох баялагийг нь ашигласны хариуг өгч сэтгэлийн өргүй үлдэнэ;
  • улс, ард түмнийхээ төлөө хийсэн юмтай болно;
  • улсын хөгжилд хувь нэмрээ оруулснаар сэтгэл өег, түмэнд хэлэх үгтэй, үр ач нартаа захих сургаалтай болно.

 

  1. Хүмүүнлэг ёс зүйтэй байснаар:
  • нутгийн иргэдийн хайр хүндэтгэлийг хүртэнэ;
  • сайхан сэтгэлээр хүрээлүүлснээр ажил үйлс нь бүтэмжтэй байна;
  • нэр хүнд нь өсч, олон нийтийн итгэлийг олж авна;
  • ажилчид үнэнч шударгаар ажиллаж, урам зориг нь сэргэж, идэвхтэй ажиллах хүсэл эрмэлзлэл нь нэмэгдэнэ;
  • ядарсан хүмүүст тусламж үзүүлснээр олны хайр, хүндэтгэлийг хүртэнэ.

 

  1. Үйлдвэрлэл дэвшилтэт технологид суурилснаар:
  • үйлдвэрлэлийн бүтээмж сайжирснаар ашиг орлого нэмэгдэнэ;
  • бүтээгдэхүүний чанар сайжирснаар борлуулалт ихсэнэ;
  • Монгол Улсын ижил төрлийн үйлдвэрлэгчдэд үлгэр жишээг үзүүлж, бусдад туршлага болно;
  • шинэ санаа, санаачлагууд, шинэчлэл бий болгоно;
  • байгууллагын өрсөлдөх чадвар дээшилнэ;
  • нөөцийг зүй зохистой ашиглаж, эрчим хүч, усны хэрэглээг багасгаж, хог хаягдлыг бууруулснаар бүтээмж өсч, эдийн засгийн үр ашиг дээшилнэ;
  • үйлдвэрлэлийн сайн менежментийн үр дүн нь үүсч болох олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг бий болгоно.

 

Нэгдүгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр дараа жилээс хоёр, гурав, дөрөвдүгээр зорилтыг хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдэж, хариуцлагатай уул уурхайг монголд хөгжүүлэх үйлс үргэлжлэн хөгжих болно.

 

 

Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ

2016 он