Хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлт ба нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх удирдамж  /MNS ISO 26000 : 2012/-ийн харьцуулалт

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх удирдамж  MNS ISO 26000 : 2012 нь бизнесийн, иргэний болон төрийн бүх төрлийн байгууллагуудыг хамарсан өргөн хүрээнд зориулагдсан тул маш ерөнхий бичигдсэн бөгөөд яг уул уурхайн бизнес эрхлэгчид хариуцлагатай байхын тулд юу хийх ёстойгоо уг стандартаас ялгаж авахад төвөгтэй байдаг тул уул уурхайн бизнес эрхлэгчид энэ стандартын дагуу хариуцлагатай уул уурхайг эрхлэх маш төвөгтэй юм. Энэ нь дараах шалтгаанаар илэрнэ:

  1. Хэтэрхий ерөнхий бичигдсэн тул ойлгомжгүй зүйл олон байна. Энэ стандарт хэт өргөн хүрээг хамарсан тул бүх зүйлс ерөнхий байдлаар бичигдэж, тэдгээр бичигдсэн зүйлсийг уул уурхайн салбарт хөрвүүлэн ойлгоход, ашиглахад бэрхтэй, зарим заалт нь хөрвүүлэх боломжгүй, нийгмийн хариуцлагын талаар мэрэгшсэн хүн л ашиглах хэмжээнд бичигдсэн зүйлс нилээдгүй байна
  2. Салбарын онцлогтой олон асуудал тусгагдаагүй байна. Энэ стандартыг бүх салбарын байгууллага хэрэглэхээр ерөнхий хийсэн тул уул уурхайн салбарын онцлог, хариуцлагатай байхад нь нөлөөлөх олон хүчин зүйлс тусгагдаагүй байна. Тиймд энд Хариуцлагатай уул уурхайн ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, үр өгөөжтэй байх, дэвшилтэт технологид суурилсан байх зарчмуудын талаар ямар нэг зүйл огт тусгагдаагүйгээс гадна мэргэжлийн онцлогоос илүү хамаардаг олон талын оролцоог хангах, байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх зарчмын талаар байх ёстой ихэнх зүйлс нь ороогүй байна
  3. Хэрэгжүүлэх аргачилал тодорхойгүй байна. Стандарт хэт том хүрээг хамарсан тул нийгмийн хариуцлагын зарчмуудыг хэрэгжүүлэх аргачлал тодорхой бус байна. Хариуцлагатай уул уурхайн стандартад түүний 8 зарчмыг хэрэгжүүлэх аргачиллыг, өөрөөр хэлбэл уул уурхай эрхлэгч нь түүний зарчим бүрийг хэрэгжүүлэхийн тулд яг юуг, хэзээ, яаж хийхийг зааж өгснөөрөө ялгаатай байна.
  4. Үүнийг дагаад салбар бүрээр нийгмийн хариуцлагын стандарт гарах шаардлагатай. Ер нь энэ стандартыг дагаад салбар бүрээр өөрийн онцлогийг тусгасан нийгмийн хариуцлагын стандарт гарах хэрэгтэй юм байна. Салбарын онцлогоос хамаараад хэрэгжүүлэх зарчим нь ч бас өөрчлөгдөх боломжтой юм байна гэж үзлээ.

Хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлт /ирээдүйд стандарт болох/  ба нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх удирдамж  MNS ISO 26000 : 2012 ба төсөөтэй ба ялгаатай зүйлсийг дараах хүснэгтээр харьцуулан үзүүлэв

 

ХУУ-н Шалгуур үзүүлэлт

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх удирдамж  /зөвлөмж/                                MNS ISO 26000:2012

1

Тодорхойлолт: Бүх холбогдох талууд, ялангуяа нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, олон улсын шилдэг туршлагад тулгуурласан, хууль сахих ёсыг дээдэлсэн, Монгол улсад байнгын ашиг орлого оруулж байх эрдэс баялгийн салбар дахь ил тод, цогц үйл ажиллагааг Хариуцлагатай уул уурхай гэж ойлгоно

Нийгмийн хариуцлага нь тэргүүн ээлжинд байгууллагын гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, нөлөөлөл нь нийгэм, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буйн хэмжүүр, үзүүлэлтийг хангахад чиглэсэн цогц арга хэмжээ.

Энэ нь тогтвортой хөгжилд хувь нэмэр болдог ил тод байдал, ёс зүй, сахилга батын хэм хэмжээг мөрдөх, холбогдох хууль дүрмийг сахин дагаж хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

2

Хамрах хүрээ: Монгол улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн эрдэс баялагийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагад

Нийгмийн хариуцлагын талаарх үзэл баримтлал ганцхан бизнесийн байгууллагын үүрэг биш тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг бүхий бизнесийн, иргэний болон төрийн бүх төрлийн байгууллагуудыг хамарсан өргөн хүрээний асуудал юм.

3

Баримт бичгийн ерөнхий агуулга: Хариуцлагатай уул уурхай гэж юу болохыг тодорхойлоод, эрдэс баялагийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хариуцлагатайгаар гүйцэтгэхийн тулд баримтлах 8 зарчмыг тодорхойлж өгсөн ба тэдгээр зарчмыг хэрэгжүүлэхийн тулд байгууллага юу хийсэн байх ёстойг аргачлан зааж өгсөн

Нийгмийн хариуцлагыг тодорхойлоод, түүнийг хэрэгжүүлэх 7 гол зарчмыг гарган, зарчим бүр дээр тэдгээрийн агуулга ач холбогдлыг тодорхойлж, зарим зарчмыг хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэх ажлыг ерөнхий хэлбэрээр заасан байна. Мөн нийгмийн хариуцлагын үүсэл хөгжил, үйл ажиллагааны ба тогтвортой хөгжлийн уялдаа холбоо, төрийн оролцоо, нийгмийн харилцааны талаар болон нийгмийн хариуцлагын үндсэн бүрэлдэхүүн, тэдгээрийн онолын үндэслэл, агуулга ач холбогдлын талаар өгүүлжээ. Харин байгууллагад нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх талаар бичсэн боловч тэр нь маш ерөнхий маягаар бичигдсэн тул уул уурхайн байгууллагад шууд хэрэглэхэд бэрхшээлтэй байдлаар заагджээ.

4

Зарчим 1: Олон талын оролцоог хангах зарчим. “Олон талын оролцоог хангах гэдэг нь компанийн үйл ажиллагаа, түүнээс үүсч болох эерэг, сөрөг нөлөөллийн талаар уул уурхайн нөлөөлөлд өртөх, нутгийн хүмүүст бүрэн, зөв ойлголтыг бий болгох, компанийн зүгээс орон нутгийн иргэдийн аж амьдрал, байгаль орчинд нь нөлөөлөл үзүүлж болох аливаа шийдвэр гаргахдаа тэдэнтэй хамтран хэлэлцдэг байх явдал юм” гэж тодорхойлоод нөлөөллийн бүлэг гэж хэн болох тэдэнтэй хэрхэн харилцах талаар нэг бүрчлэн зааж өгсөн.

4-р зарчим болох “Оролцогч талуудын сонирхлыг хүндэтгэх зарчим” нь “Олон талын оролцоог хангах” зарчмын зарим хэсэгтэй агуулгын хувьд ерөнхийдөө тохирч байна. Энд зарчмын агуулгын талаар мөн оролцогч талуудын эрх үүрэг, тэдгээрийн ашиг сонирхлыг хүндэтгэн үзэхэд анхаарах зүйлсийн талаар ерөнхий хэлбэрээр заасан байх боловч нөлөөллийн бүлэг гэж хэн болох тэдэнтэй хэрхэн харилцах талаар нарийвчлан бичсэн зүйл алга байгаагаараа ялгагдана..

5

Зарчим 2: Ил тод нээлттэй байх. “Ил тод нээлттэй байх гэдэг нь тухайн компанийн талаар болон уурхайтай холбоотой, хуулиар хориглоогүй мэдээллийг сонирхсон этгээд чөлөөтэй үзэж байх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна шаардлагатай зарим мэдээллийг ойлгомжтой, үнэн зөвөөр мэдээллийн самбар, цахим сайтад тавих, уулзалт ярилцлагаар болон хэвлэн олшруулж нийтэд хүргэх үйл ажиллагааг хэлнэ” гэж тодорхойлоод ямар мэдээллийг яаж нээлттай байлгах талаар нэг бүрчлэн зааж өгсөн.

1-р зарчим болох “тайлагнах зарчим” нь “Ил тод нээлттэй байх” зарчмын зарим хэсэгтэй агуулгын хувьд ерөнхийдөө тохирч байна. Энд зарчмын агуулга ач холбогдлын талаар бичсэн харин хэрхэн хэрэгжүүлэх талаар бичсэн зүйл алга байгаагаараа ялгагдана.

2-р зарчим болох “Ил тод байдлын зарчим” нь “Ил тод нээлттэй байх” зарчмын зарим хэсэгтэй агуулгын хувьд ерөнхийдөө тохирч байна. Энд зарчмын агуулга ач холбогдлын талаар, ямар зүйлсийг ил тод байлгах талаар бичсэн харин хэрхэн хэрэгжүүлэх талаар бичсэн зүйл алга байгаагаараа ялгагдана.

6

Зарчим 3: Хуулийг сахин дээдлэх. “Хуулийг сахин дээдлэх гэдэг нь уул уурхайн компанийн бүх үйл ажиллагаа нь төрийн хууль түүнийг даган гарсан дүрэм журмыг хүрээнд явагддаг, компанийн удирдлага хуульд заасан үүрэг болон үйл ажиллагааны хэм хэмжээ, цаг хугацааг баримтлан ажилладаг байхаас гадна компанийн ажилчид, нутгийн иргэд хуулийг баримталдаг байхад нь дэмжин тусалдаг байх явдал юм” гэж тодорхойлоод хуулийг хэрэгжүүлэх, компанийн ажилчид нутгийн иргэд хуулийг мөрддөг байхад хэрхэн туслах талаар нэг бүрчлэн зааж өгсөн байдаг.

5-р зарчим болох “Хууль дүрмийг сахих зарчим” нь “Хуулийг сахин дээдлэх” зарчмын зарим хэсэгтэй агуулгын хувьд ерөнхийдөө тохирч байна. Энд зарчмын агуулгын талаар мөн байгууллага хууль дүрмийг сахин биелүүлэх талаар анхаарах зүйлсийг ерөнхий хэлбэрээр заасан байх боловч хуулийг хэрэгжүүлэх, компанийн ажилчид нутгийн иргэд хуулийг мөрддөг байхад хэрхэн туслах талаар бичсэн зүйл байхгүй байгаагаар ялгагдана.

6-р зарчим болох “Олон улсын норм, хэм хэмжээг мөрдөх зарчим” нь “Хуулийг сахин дээдлэх” зарчимд маш ерөнхий хэлбэрээрээ туссан гэж ойлгож болох талтай. Энд зарчмын агуулгын талаар мөн байгууллага олон улсын норм, хэм хэмжээг сахин биелүүлэх талаар анхаарах зүйлсийг заасан байна. Энэ талаар бусад хуулиар манайд зохицуулагдсан байдаг тул ХУУ-н шалгуур үзүүлэлтэд оруулаагүй болно.

7

Зарчим 4: Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх. “Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх гэдэг нь ашигт малтмалын хайгуул, судалгаа хийх, уурхайг ашиглаж эхлэхээс авахуулаад хаагдаж, нөхөн сэргээлт хийж дуусах бүх хугацаанд тухайн нутгийн байгаль орчин, иргэдийн эрүүл  мэнд, амьдралын  нөхцөл болон уурхайн ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийт арга хэмжээг хэлнэ” гэж тодорхойлоод үүнийг хэрэгжүүлэхийн тулд уурхайн зүгээс ямар ажил хийхийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг.

Стандартад энэ талаар тусдаа зарчим байхгүй боловч нийгмийн хариуцлагын үндсэн бүрэлдэхүүн, тэдгээрийн үндэслэл, агуулга, бүтэц, ач холбогдлын талаар бичсэн хэсэгт товчхон эсвэл ерөнхий хэлбэрээр, бичсэн зүйлс байна. Харин энэ зарчмыг хэрэгжүүлэхэд байгууллага /бүр тодруулбал уул уурхайн компани/ яг юу хийх талаар тодорхой заасан зүйлс алга байгаагаар ялгагдаж байна

8

Зарчим 5: Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах. “Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах гэдэг нь уул уурхайн компани орон нутгийн хөгжилд түлхэц өгөх үйлдвэрлэлийг бий болгох, иргэдийн боловсрол, чадварыг дээшлүүлэх болон дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт хийснээр тухайн орон нутаг цаашид өөрөө бие даан тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хэлнэ” гэж тодорхойлоод  үүнийг хэрэгжүүлэхийн тулд уурхайн зүгээс ямар ажил хийхийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг.

Стандартад энэ талаар тусдаа зарчим байхгүй боловч нийгмийн хариуцлагын үндсэн бүрэлдэхүүн, тэдгээрийн үндэслэл, агуулга, бүтэц, ач холбогдлын талаар бичсэн хэсэгт товчхон эсвэл ерөнхий хэлбэрээр, дурдах маягаар бичсэн зүйлс байна. Харин энэ зарчмыг хэрэгжүүлэхэд байгууллага /бүр тодруулбал уул уурхайн компани/ яг юу хийх талаар тодорхой заасан зүйлс алга байгаагаар ялгагдаж байна

9

Зарчим 6: Үр өгөөжтэй байх. “Үр өгөөжтэй байх зарчим гэдэг нь уул уурхайн компанийн оруулсан хөрөнгө нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбарт үр өгөөжөө өгсөн байхыг хэлнэ” гэж тодорхойлоод эдийн засаг, нийгмийн салбарт үр өгөөжтэй байхын тулд уурхайн зүгээс ямар ажил хийхийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг.

Стандартад энэ талаар тусдаа зарчим байхгүй боловч нийгмийн хариуцлагын үндсэн бүрэлдэхүүн, тэдгээрийн үндэслэл, агуулга, бүтэц, ач холбогдлын талаар бичсэн хэсэгт товчхон эсвэл ерөнхий хэлбэрээр, дурдах маягаар бичсэн зүйлс байна. Харин энэ зарчмыг хэрэгжүүлэхэд байгууллага /бүр тодруулбал уул уурхайн компани/ яг юу хийх талаар тодорхой заасан зүйлс алга байгаагаар ялгагдаж байна

10

Зарчим 7: Хүмүүнлэг ёс зүйтэй байх. “Уул уурхайн салбарт хүмүүнлэг ёс зүйтэй байх зарчим гэдгийг иргэдийн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдний амьдралын тогтсон хэв маяг, уламжлал, үнэт зүйлсийг хүндэтгэдэг байхыг хэлнэ” гэж тодорхойлоод үүнийг хэрэгжүүлэхийн тулд уурхайн зүгээс ямар ажил хийхийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг.  

3-р зарчим болох “Шударга ёс /шударга байх/ зарчим” нь “Хүмүүнлэг ёс зүйтэй байх” зарчмын заримтай агуулгын хувьд ерөнхийдөө тохирч байна. Энд зарчмын агуулгын талаар мөн шударга ёс суртахуунтай байхын тулд эрхэмлэн, хэрэгжүүлэх зүйлсийн талаар ерөнхий хэлбэрээр заасан байх боловч түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бичсэн зүйл алга байгаагаараа ялгагдана.

7-р зарчим болох “Хүний эрхийг хүндэтгэх зарчим” нь “Хүмүүнлэг ёс зүйтэй байх” зарчмын зарим хэсэгтэй агуулгын хувьд ерөнхийдөө тохирч байна. Энд зарчмын агуулгын талаар мөн хүний эрхийг хүндэтгэх талаар анхаарах зүйлсийг ерөнхий хэлбэрээр заасан байх боловч хүний эрхийг хүндэтгэдэг байхын тулд байгууллага яг юу хийх ёстойг нарийвчлан заасан зүйл байхгүй байгаагаар ялгагдана

11

Зарчим 8: Дэвшилтэт технологид суурилсан байх. “Дэвшилтэт технологид суурилсан байх зарчим гэдэг нь уул уурхайн үйлдвэрлэлд олон улсын хэмжээнд ашиглаж байгаа сүүлийн үеийн дэвшилттэй техник, технологийг хэрэглэдэг болон удирдлага, зохион байгуулалтдаа холбогдох стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлдэг байхыг хэлнэ” гэж тодорхойлоод  үүнийг хэрэгжүүлэхийн тулд уурхайн зүгээс ямар ажил хийхийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг.

Стандартад энэ талаар тусдаа зарчим байхгүй боловч нийгмийн хариуцлагын үндсэн бүрэлдэхүүн, тэдгээрийн үндэслэл, агуулга, бүтэц, ач холбогдлын талаар бичсэн хэсэгт товчхон эсвэл ерөнхий хэлбэрээр, дурдах маягаар бичсэн зүйлс байна. Харин энэ зарчмыг хэрэгжүүлэхэд байгууллага /бүр тодруулбал уул уурхайн компани/ яг юу хийх талаар тодорхой заасан зүйлс алга байгаагаар ялгагдаж байна